Зөвлөмж

Монгол эсгий гэж..,

 

 

 

 

 

    Эсгий хийх

Айл, хот саахалтаараа ноосоо савж гүйцсэний хойно аль нэг хот айл эсгийгээ хийхээр ус, ногоотой тэгш газар бууж эсгий хийхэд бэлтгэнэ. Эсгийг ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард хийдэг. Эсгий хийх өдрөө урьдаас тогтоож, нутаг усныхандаа зар мэдээ тараана. Үүнийг сонссон хүмүүс уул ажилд оролцож туслахын тулд өөрсдын ажил төрлөө зохицуулж зарим нь эсгий татахад унаж очих унаагаа (эсгийг голдуу азаргаар татдаг, харин говь газар тэмээгээр, зарим хангай үхрээр эсгий татдаг байв ) бэлтгэнэ.
Эсгий хийх айлын ажилд туслахаар ирэх хүмүүст зориулж идээ цагаа, айргаар архи бэлдэж, мөн эсгийн шүүс гэж хонь гаргадаг. Мөн эсгий хийхэд хэрэглэх шир, эсгийн гол, бул зэргийг бэлтгэж, эх эсгий өөрт байхгүй бол ажил үйлс нь өөдрөг гэж үздэг айлаас эх эсгий “залж” авчирна.

“Эх эсгий ” гэж дээр нь ноос зулах эсгийг хэлэх ба урьд жил нь хийж цэвэр гамтай эдэлсэн эсгий байх ёстой. Гамгүй эдэлсэн хэт хуучирсан эсгий дээр ноос зулвал эсгий гаргадаггүйтэй энэ нь холбоотой. Сонгож тогтсон өдрийн өглөө эсгий хийлцэх хүмүүс тал бүрээс цуглахад тэднийг идээ цагаагаар хүндлэн цайлаад ажилдаа гарцгаана. Ингээд ноос зулж эсгий татахаар бэлдсэн газарт эх эсгийгээ дэлгэж савсан ноосоо эрэгтэйчүүд хүүхдүүд ойртуулж ус зөөх ба эсгий хийж буй айлын эхнэр буюу эсвэл олонд хүндтэй, настай эмэгтэй анхны ноосыг зулж, “мөр гаргахад” бусад эмэгтэйчүүд дагалдан ноосны зузаан нимгэнг тохируулан зулдаг. Гэрийн эзэн уг ажилд дадлага туршлага муу бол эсгий сайн хийдэг гэж алдаршсан хүндтэй хүнийг зориуд урьж авчран эсгий хийх ажлыг удирдуулдаг байна. Ингээд нэг үе ноос зулаад усаар жигд сайн шүршинэ. Усаар жигд нарийн сайн шүршиж норгосны дараа ахин нэг үе ноос зулж мөн усаар нэвт шүршиж норгоно. Ингээд сүүлийн үе”зулхай” гэж ахарын ноос, хурганы ноос зулах ба энэ үе нь өнгөн тал болох тул хар, бор зэрэг өөр өнгө ороогүй жигд цагаан ноос зулдаг. Зулхай зулсны дараа эрэгтэйчүүд гол мод хийж завсар нь цахилдаг зэрэг өвсөөр наалдахгүйгээр үе тавьж чанга хуйлан гадуур нь дэвтээсэн ширээр ороож ширнийхээ хоёр амыг үдээсээр чангалан үднэ. Хоёр үзүүр нь задгай үлдсэнийг үдэхдээ “умбай тумбай” гэж хэлж усаар сайн шүршиж норгоод үдээсээр сүлжин бөхөлж уяад хөвч гэж тусгай нарийн сураар хооронд нь холбож уяна. Эсгий хийж байхад ирсэн хүн бүхэн
Цагаан эсгий цавгүй
Цааш нааш гавгүй
Цаснаас цагаан
Яснаас хатуу
Мөснөөс гөлгөр
Мөнгөнөөс үнэтэй
Эвдрэхгүй мөнх
Элэгдэхгүй бат
Дун шиг өнгөтэй
Дурдан шиг артай болтугай

гэж ерөөл бэлэгтэй үг хэлээд ажилд оролцдог. Ширлэж боосон эсгийг татах хоёр морьтой хүн эсгийн гол буланд бэхэлсэн олсны үзүүрээс саваагаар онилон татдаг. Эсгий татахын өмнө
Төрийн эд төв сайхан
Төрсөн биес нь мөнх сайхан
Яснаас хатуу
Цаснаас цагаан болтугай
хэмээн ерөөгөөд ширэлсэн эсгийн дээр айраг буюу сүү дусаадаг байв. Ингээд эсгий татахаар явах бөгөөд тэгэхдээ эхлээд зөөлөн хөдөлж аажмаар явдлаа хурдасган морины ширүүн цогиогоор явна. Эсгий татах морийг голдуу хүүхэд залуучууд унадаг. Ууган эсгий татаж байх үед дараагийн эсгий зулж ширлэх, татах зэргээр ажил үргэлжилж нэг өдөр хэдэн ч эсгий хийж болно. Ууган эсгий татаж явах /эсгий татах газрын хэмжээ ойролцоогоор 15-20 км байдаг/ тоо хэмжээ гүйцэж ирэхэд ширний үдээсийг нь тайлж ууган эсгий дээр, тэрчлэн эсгий татсан хоёр морины чихний хооронд, хондлой дээр сүү дусааж мялаадаг. Түүнчлэн ууган эсгийг онцгой хүндэтгэн хамт олны сэтгэл саанааг илэрхийлсэн тусгай ерөөл хэлдэг заншилтай. Ингэхдээ домботой цай тавагтай идээ авчирч, шинэ эсгийг сүүгээр мялаагаад
Төлгөн хонины ноосыг
Төө зузаан зулж
Хурган хонины ноосыг
Хуруу зузаан зулж хийсэн
Эсгий чамайг мялаая
/Хорлоо, 1969, 46 дахь тал/ гэх буюу
Зуун түмэн хонины
Зунгагтай цагаан унгасыг
Зулж зүүж дэлгээд
Зуун голын усаар
Зулхай бүрийг шүршээд
Эвтэйхэн эвхэж хуйлаад
Эвийг олж боогоод
Агт мориороо татаж
Ахин дахин өнхрүүлсэн
Эсгий нэртэй эд нь
Энгүй захтай болтугай
гэх мэтээр тухайн ажил хөдөлмөрийг хийх байдлыг урнаар шүлэглэн хэлсэн байдаг. Ерөөл тавьж гүйцсэний дараа шинэ эсгийн чийгтэй зөөлөн дээр нь захыг татаж, өө сэвийг засах ажлыг эрчүүд хийнэ. Тэгэхдээ эсгийгээ нугалан дээр нь хүүхэд суулгаж хүчтэй сэгсрэн засаж янзлахыг “эсгий жиших ” гэнэ. Эсгий хийж гүйцсэний дараа “эсгийн шүүс” зарим газар “эсгийн өтөг” гэж багахан хэмжээний найр хийж эсгий хийхэд оролцсон хүмүүсийг дайлж зочилдог. Бүх хүмүүст эсгийн хувь гэж мах, боов тарааж өгөх ба ууган эсгий татсан бүх хүнд бүтэн хүзүү, боов, цагаан идээтэй өгнө. Эсгий хийх ажлыг удирдсан хүнд гэрийн эзэн олон эсгий хийсэн бол “авъя” гэсэн эсгийг нь өгөх, цөөн эсгийг хийсэн бол урьд жил нь хийж гамтай эдэлсэн эсгийг, эсвэл нэг хонь барьж өгнө. Үүнийг “зах өгөх”, эсвэл “зах юм өгөх ” гэнэ. “Эх эсгий ” айлаас авчирсан бол буцааж өгөхдөө тавагтай идээ, мах зэрэг эсгийн шүүс боовноос оролцуулан өгөхдөө эсгийн шүүсэнд зориулж төхөөрсөн хонины өвчүүг заавал цуг өгдөг заншилтай. Эсгий хийж дуусаад хэд хоносны дараа шинэ эсгийгээр дээвэр, туурга, өрх, үүд, ширдэг зэргийг эсгэж оёх ажилд орно. Үүнийг зарим газар “гэрийн бүрлэг хийх” гэж нэрлэдэг. Гэрийн бүрлэг хийхээр тогтсон өдөр айл саахалтын үйлэнд сайн эмэгтэйчүүд нэг нэг ээрүүл утас, үйлний хайч, зүү тэвнэ, хуруувчтай ирцгээж ажилд туслалцах ба дуусмагц гэрийн эзэн тэднийг зочлон дайлаад хүн бүрт оймс, олбог, тохом, гудас зэрэг зүйл хийж болох хэмжээний эсгий бэлэг болгон өгдөг ажээ. Монголчууд малаасаа гарах үс ноосыг иймэрхүү аргаар хамтран боловсруулж эсгий, эсгий эдлэл хийн ахуй амьдралдаа хэрэглэж байжээ. Мал аж ахуйн ажил хөдөлмөрт хөдөлмөрийг  хөнгөвчлөх байгаль уул усанд үгийн ид шидийн хүчээр нөлөөлөхөд чиглэгдсэн зан үйл, яруу найраг, ажил хөдөлмөр, хоорондоо салгахын аргагүй нягт сүлжилдэн нэгдсэн байна. Эдүгээ эсгий хийх, эсгий эдлэлийг ашиглах туршлага харьцангуй мартагдаж байгаа боловч, сүүлийн үед эсгий урлалын чиглэл идэвхитэй хөгжиж эхэллээ. Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун энэ сэдвээр эрдмийн зэрэг хэмгаалсан нь эсгий урлагыг эх орондоо хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: